Wednesday, October 21, 2009

Эрдэмтэд хүнд хамгийн ашигтай 20 хүнсийг нэрлэв

АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ? гэвэл

1. Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж байна.

2. Хар нэрс. Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонийн их сургуулийн (АНУ)-ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

3. Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. "С" аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ.

4. Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байгаа юм.

5. Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү ихээр агуулагддаг аж. Мөн улаан лоольд "Р3" гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

6. Чий жимс. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нотолсон гэнэ.

7. Анар. Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болрын бүдэгшлийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

8. Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн "С, А, В" группын аминдэмээр баялаг.

9. Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.

10. Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.

11. Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.

12. Улаан усан үзэм. Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ ач холбогдлоороо их юм.

13. Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

14. Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

15. Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

16. Цай. Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азиуд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.

17. Кофе. Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.

18. Хар шоколад. Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

19. Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

20. Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ.

Шарилж идсэн малын мах идвэл харшил сэдэрдэг

Арьсны өвчин судлалын үндэсний төв (АӨСҮТ)-өөс ургамлын тоосны харшлыг зогсоох боломж байгааг зарлалаа. Энэ талаар тус төвийн захирал А.Цогцэцэгээс тодруулсан юм.

-Улирлын чанартай ургамлын харшлаас иргэдийг хамгаалах ямар боломж байна вэ?
-Харшил үүсгэгч ургамлуудын зонхилогч нь 10 зүйлийн шарилж байдаг. Шарилжийг зөвхөн зулгаан авснаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг биш юм. Учир нь уг ургамлыг цэцэглэхээс нь өмнө 6-7 см-ийн таналт хийх ёстой. Гэтэл тоосоо хүртээж байгаа үед нь зулгаагаад нэмэргүй. Ийм техникийн зөрчил гаргахгүй байвал нийгмийн эрүүл мэндийг хамгаалж болно. Хотын захиргаа мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч шарилжийг цэцэглэхээс нь өмнө анхаарч ажилламаар байна.

-Цэцэглэхээс нь өмнө нэг удаа таналт хийхэд болох уу. Харшил үүсгэгч ургамал хэзээ цэцэглэдэг вэ?
-Таналтыг хэд хэдэн удаа хийх шаардлагатай. Тухайлбал, зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос долдугаар сарын эхний долоо хоног, наймдугаар сарын 15-30-ны хооронд таналт хийх хэрэгтэй.

-Ургамлын тоосны харшилтай хүн хэр олон байдаг вэ. Энэ талаар судалгаа бий юу?
-АӨСҮТ-д 2008 онд 71 мянган иргэн хандсан тоо бий. Харин энэ онд 68 мянга гаруй хүн хандаад байна. Үүний 35-45 хувь нь ургамлын тоосны харшилтай хүмүүс. Энэ нь зөвхөн манайд хандсан хүмүүсийн тоо. Үүнээс гадна орон нутагт харшилтай хичнээн хүн байгааг хэлж мэдэхгүй байна. Ургамлын харшилтай хүмүүс өглөө эрт юм уу үдэш гадуур гардаг. Энэ нь өдөр ургамлаас харшил нь ихэсдэг гэсэн буруу ойлголтоос болдог.

-Тэгэхээр өдөр гадагшаа гарах нь зөв гэсэн үг үү?
-Тийм. Шарилж буюу хогийн ургамал 04.00-09.00, 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг. Тиймээс энэ үеэр харшилтай иргэд салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй.

-Ургамлын харшлаас сэргийлэх тарилга байдаг уу?
-Харшлын намжмал үе буюу X-XI, III-IV сард манай төвийн Харшил судлалын лабораторид сорил тавьдаг. Ямар ургамлаас харшилтайгаа мэдэхгүй байгаа иргэд сорил тавиулж мэдэх шаардлагатай. Үүнийг тогтоолговол тухайн ургамлын тоосноос сэргийлэх тарилга хийлгэж болно.

-Харшил үүсгэгч ургамал ургах болсон шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?
-Үүнийг байгалийн ургамлын доройтлоос болсон гэж хэлэх байна.

-Харшлын эсрэг эмчилгээ хийхэд бүрэн эдгэрэх үү?
-Эдгэрэх эсэх нь эмч, өвчтөн хоёроос шалтгаална. Дэлхийн дахинд харшлын эсрэг эмчилгээний үр дүнг өвчний давтамжийг уртасгаснаар тооцдог. Тухайлбал, ямар нэгэн хүнсний ногооноос харшилтайгаа мэдвэл насан туршдаа тэр ногоог хэрэглэхгүй байх нь хамгийн зөв арга.

-Шарилж идсэн малын махнаас харшилтай болдог гэх яриа байна. Үнэхээр харшилтай болдог юм уу?
-Сүүлийн жилд зарим малын махнаас шарилж амтагдах тохиолдол гарсан. Шарилж идсэн малын мах идвэл харшил сэдэрдэг.

Шинэ томуугийн эсрэг сайн эм

Томуу эмчилдэг хуучны сайн аргууд Эй/Эйч1Эн1/ вирустэй тэмцэхэд ч үр нөлөөтэй юм. Зөгийн балтай нимбэгний шүүс, түүнчлэн байгалийн антибиотикууд агуулдаг сонгино, сармис хүний дархлааг сайжруулж, шинэ томуугаас хамгаална. Египетийн хэвлэлд ингэж бичжээ.

Зуны халуунд вирусийн идэвхи суларч, харин намар-өвлийн цагт шинэ томуугаар олноор өвчлөх аюул ихсэнэ гэж Элэг, дотоод эрхтнүүдийн судалгааны үндэсний төвийн профессор Саид Шалаби хэлсэн байна. Жилийн хүйтэн сэрүүн улиралд шувууны болон хүний ердийн томуугийн вирусийн генийн хэлбэрүүд өөрчлөгдөх аюул ихэсдэгийг доктор Шалаби сэрэмжлүүлжээ. Энэ нь улмаар ялангуяа дархлаа султай хүмүүсийн дунд түргэн тархаж болох томуугийн вирусийн шинэ хэлбэр гарч ирэх аюул агуулж байна гэж профессор дурджээ.

Шинэ томуугаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэрэгсэл байхгүй нөхцөлд уламжлалт анагаах ухаан ашиг тустай байж болох юм гэж эрдэмтэн хэлсэн байна.

Махны лангуунаас боомын савханцар илэрчээ

Сэлэнгэ аймгийн БГХӨСТ-ийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн төвийн “Шинэ зах”-ын мах худалдаалдаг лангуунаас наймдугаар сарын 25-нд шинжилгээний дээж авахад халдварт боом өвчний савханцар нян илэрсэн хариу 27-нд гарчээ.

Аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр “Шинэ зах”-ын махны тасгийг хаан, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, мах болон жижиглэн дайвар бүтээгдэхүүн зардаг худалдагч нарт халдварт боом өвчний талаар сургалт зохион байгуулах, боом өвчинтэй мах орж ирсэн байж болох нөхцөл шалтгааныг тодруулах, дайвар бүтээгдэхүүний тасаг, гадна талбайн төмөр тавцан, мах ачдаг тэрэг, задгай талбайд ногоо худалдаалдаг орчныг ариутгажээ.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах чуулган болно

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн Амын сангаас хамтран зохион байгуулах “Монгол Улс Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлаас хойшхи 15 жилд” сэдэвт үндэсний чуулганыг маргаашийн 8.30-13.00 цагт Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулах гэж байна.

Тус чуулганаар монгол орны хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулж, холбогдох эрхийг боловсронгуй болгох чиглэлээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг хэлэлцэн дүгнэх бөгөөд чуулганд Засгийн газар, иргэний нийгэм, олон улсын байгууллага, аймаг, орон нутгийн 150 гаруй төлөөлөгчид оролцох аж.

Мөн чуулганаар Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд гарсан ололт, амжилт, алдаа сургамжийг хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх практик зөвлөмжүүдийг гаргах юм байна.

Намын байр биш амаржих газар хэрэгтэй байна

Монголын үрс маш олон болтугай. Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн энэ үгийг цөөхөн. монголчууд бэлэгшээж хэн хүнгүй өнөр өтгөн, урт удаан амьдрахыг хүсэмжилдэг билээ.

Гэвч "Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ" гэдэгчлэн шинээр төрж буй үрсээ өлгийдөн авах амаржих газрууд ачааллаа дийлэхгүй хэцүүхэн болжээ.

Орон нутгаас хот руу чиглэн ирж нийслэлчүүдийн хүрээг тэлэх шилжин ирэгсдийн ихэнх хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ ч утгаараа сая давсан хүн амтай нийслэлчүүдийн үр удмын болоод ээж нарынх нь эрүүл мэндийн манаанд зогсох эмч, мэргэжилтнүүд ч энэ салбарт дутмаг байгаа. Өнгөрсөн социалист нийгмийн үед баригдсан барилга нь олон улсын жишгээс даруй 50, ашиглаж буй тоног төхөөрөмж нь 40 шахам жилээр хоцрогдсон байх юм.

Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь их хотод өдөр бүр шинээр сүндэрлэх байшин барилгуудаас сүүлийн 20 шахам жилд улсын чанартай эрүүл мэндийн барилга огт үүд хаалгаа нээсэнгүй. Харин үүний оронд сургууль, цэцэрлэг, зугаа цэнгээний газрууд борооны дараах мөөг шиг л олширлоо. Энэ бүхэнтэй зэрэгцэн Монгол Улсын төрийн эрх баригч хоёр нам бие биеэсээ өрсөн өөрсдийн намын байрыг сүндэрлүүлэхийг зэхэж байна. Гэвч тус байранд суух эрхмүүдээс хэн нь ч нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй шинэ амаржих газрыг барья гэж ам ангайсангүй.

II амаржих газар их засварт орно
Өдгөөгөөс 40 жилийн өмнө сонгинохайрханчууд шинэхэн амаржих газартай болж байжээ. Тэр нь одоогийн II амаржих газар юм. Тус амаржих газар 1980-аад оны үед жилдээ 1500-2000 эхийг амаржуулдаг байжээ.

Гэтэл өнөөдөр яг энэ хүчин чадлаараа буюу 75 ор, 10 эх баригчтайгаар үүнээс хоёроос гурав дахин хүнд үйлчилж байна. Энэ хугацаанд ажиллах хүчийг тогтмол нэмэгдүүлж байсан хэдий ч "галын шугам"-нд явдаг эх баригч нарынхан тоонд өөрчлөлт оролгүй "хурган" дарга нарын болон бусад орон тоо бөглөгчдийн тоо л өссөн байх юм. Үүнээс гадна хүн хүчний хүрэлцээ муутай. Нэг эх баригчид ногдох үйлчлүүлэгчийн тоогоороо улсдаа тэргүүлдэг энэ эмнэлгийн байр мөөгөнцөрт идэгдсэний улмаас их засварт орж түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоох нь. Харин их засварыг хэзээнээс эхэлж хэдийд дуусгах нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өнөөдөр гаргах шийдвэрээс шалтгаалах ажээ.

Энэ нь II амаржих газрын үйл ажиллагааг зогсооход үйлчлүүлэгчдийг нь хүлээн авах газрууд шаардлага хангах эсэхэд хийсэн дүгнэлтийн хариунаас бусад бүх зүйл нь хамаарна гэсэн үг. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар энэ сарын 10-наас их засварын ажил эхлэх магадлалтай гэнэ. Засвар эхэлсэн өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн харьяа амаржих эхчүүдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон хувийн хэвшлийн "Номун" клиникийн эмнэлгийн байрыг ашиглан амаржуулах ажээ. Энэ нь зөвхөн дээрх хоёр эмнэлгийн байрыг түр хугацаагаар ашиглана. Харин тэнд II амаржих газрын ажилчид өөрсдөө өвчтөнүүддээ урьдын адил үйлчлэх гэнэ.

Шинэ амаржих газрын үлгэр
Нийслэлийн төрөх газрууд ачааллаа дийлэхээ болилоо. Тиймээс шинэ амаржих газар байгуулах хэрэгтэй байна. Хэмээн жилийн өмнөөс ярьсаар IV амаржих газрыг цаасан дээр буулгаад авсан. Гэвч эрүүл мэндийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалт болон орж ирэх байсан 32 тэрбум төгрөгийн асуудал энэ оны төсөвт ороогүй. Тиймээс Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа гэх энэ амаржих газрын асуудал хэзээ шийдэгдэх нь "оньсого" болжээ. Гэвч энэ талаар зарим хүмүүс шинэ амаржих газрын шавийг аль хэдийнэ тавьсан мэтээр ярьж байгаа билээ. Мэдээж булавч бултайна, даравч далдайна" гэгчээр цаасан дээр буусан зураг газар дээр нь байхгүйгээс хойш үнэн худлыг ард түмэн ялгах биз ээ.

Нэг ээжийг эх барихад 400 мянган төгрөг шаардагддаг
Нийслэлийн хэмжээнд I, II, III амаржих газар, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Налайх дүүргийн амаржих газар эхчүүдийг амаржуулж байна. Тэдгээрт хаа газар байдаг хөрөнгө, санхүүгийн асуудал хамгийн их байдаг.

Учир нь дээрх амаржих газруудад улсын төсвөөс нэг эхийг амаржуулахад 10,000 төгрөг төсөвлөдөг гэнэ. Энэ нь зөвхөн эхэд зарцуулагдах мөнгө бөгөөд тухайн эх хоёр ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн тохиолдолд төсөв нь огт олгогдоогүй гэсэн үг аж.

Гэвч энэ тоо зөвхөн цаасан дээрээс харж төсөвлөгдсөн төсөв. Бодит байдал дээр нэг ээжийг эх барихад 400,000 төгрөг шаардагддаг гэнэ. Энэ үзүүлэлтийг үндэслэн нарийвчлан үзэхэд улсын төсвөөс зарцуулж буй мөнгөн дүн нь шаардлагатай төсвийн зөвхөн нэг хувийг л олгож байгаа аж.

Харин үлдсэн мөнгийг амаржих газрууд эмчлүүлэгчийн ар гэр болон бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг гэнэ. Өнгөрсөн жил ЭНЭШТ 8125 эхийг амаржуулжээ. Энэ нь нэг эмч дунджаар 165 хүүхэд эх барьсан гэсэн үг. Харин I амаржих газарт 9527 эх амаржин нэг эх баригч нь 397 ээжийг эх барьсан.

II амаржих газарт 4430 ээж төрснөөс нэг эх баригч 443 хүнийг амаржуулснаар улсдаа нэг эх баригчид ногдох эмчлүүлэгчдийн тоогоороо тэргүүлж байна. Харин III амаржих газарт 3540 хүн амаржиж, 295 хүнд нэг эх баригч үйлчилсэн байна. Мөн улсын эмнэлгүүдийн их ачааллаас хөнгөлөх эрхтэй ганцхан хувийн хэвшлийн эмнэлэг байдаг нь "Хатагтай". Энэ эмнэлэгт өнгөрсөн жил 300 эх амаржсан байна.

Тус эмнэлэгт өдөрт нэг эмэгтэй амарждаг. Хувийн хэвшлийн энэ эмнэлэгт амаржиж буй эхэд 11 эмч, сувилагч нэгэн зэрэг үйлчилдэг. Гэтэл улсын данстай төрөх газарт амаржиж буй 11 эхэд ганцхан эх баригч үйлчилж байна гэвэл хилсдэхгүй болжээ.

ЭХО-д харуулснаар ураг амьгүй болно гэж үү...

Анагаах ухааны доктор А.Отгонболдтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан эмчилгээний арга илүү үр дүнтэй байгаа талаар эмч мэргэжилтнүүд ярилцах болж. Үүний зэрэгцээ, мухар сүсэг ч гэмээр буруу ойлголт олны дунд их гарч байна. Эмч хүний хувьд, энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?
-Бид шинжлэх ухааны анагаах ухаан заалгасан эмч нар. Өвчин эмгэг юунаас болж үүсдэг юм бэ гэдгийг нотолгоотой анагаах ухааны үндэслэл дээр хийсэн шинжлэх ухаанаас бид нар суралцаж, амьдрал дээр хэрэгжүүлээд өдий дайтай явж байна.

Харамсалтай нь, уламжлалт анагаах ухааныг нэг хэсэг орхигдуулсан. 1990-ээд оны өмнө эмч болсон хүмүүст уламжлалт анагаах ухааны талаар бараг заагаагүй. Түүнээс хойш л энэ салбар хөгжиж эхэлсэн болов уу, сайн мэдэхгүй юм. Гэхдээ уламжлалт анагаах ухаан манайд хамгийн эрт үүссэн, шинжлэх ухааны анагаах ухааны үндэс нь байсан гэдэг ойлголт бий. Сүүлийн үед уламжлал анагаах ухааны дэвшилтэт аргууд нэлээд судлагдсан, үүнийг манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сургалтын байгууллагууд зөв тийш нь эргүүлж байгаа. Тиймээс уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулж, эрүүл мэндийн төлөө сайн ажиллаж байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ, бэрхшээлтэй асуудал ч олон бий.

Лам хуврага, мухар сүсэгтэй хүмүүсийн балгаар эрүүл мэндийн салбарт гарч буй сөрөг нөлөө нэмэгдэх нь. Наад зах нь л гэхэд лам нар өвчтөнд маань хэдийд эмнэлэгт хэвтэх, ямар өдөр мэс засалд орох, хэнээр эмчлүүлэхийг нь хүртэл заадаг болж. Ийм утгагүй зүйлээс болоод өвчтөн битгий хэл, эмч нар хүртэл хохирч сууна. "Мягмар, пүрэв гарагт эмчид үзүүлэх хамгийн муу" гэж айлдсан болохоор хүмүүс энэ өдрүүдэд эмнэлэг зүглэхээ болиод эмч нар ажилгүй шахам суудаг нь нууц биш. Тэгсэн мөртлөө даваа, лхагва, баасан гарагт эмнэлэгт хөл гишгэх зайгүй шахам овоорчихно. Энэ чинь эмнэлэгт хиймлээр ачаалал үүсгэж байгаа хэрэг. Мягмар гарагт мэс засал хийлгэх хүн бараг байхгүй болж. Уг нь зүгээр л нэг ажлын өдөр шүү дээ, миний хувьд. Бараг мухар сүсэг гэмээр иймэрхүү сонин асуудлыг хэн ч тайлбарлаж чадахгүй байна.

"Эмэгтэй хүн 37 настайдаа төрөх сайн", "Төрснийхөө дараа битгий ус хүргээрэй" ч гэх шиг хаана ч бичигдээгүй, харах ном, үзэх судар ч байхгүй зүйлийг сүүлийн үед их ярьдаг болсон. Боловсрол, мэдээлэл муутай манайх шиг оронд энэ ойлголт их өргөн, далайцтай тархсан байна. Ганцхан манайх ч бус Энэтхэг, Индонез, Филиппин гэх мэт орнуудад ч иймэрхүү үзэгдэл газар авсан гэдэг юм билээ. Гэхдээ хүн амынх нь дийлэнх хувь бичиг үсэгт тайлагдсан манайх шиг оронд энэ асуудал байх ёсгүй. Манайхаас доогуур хөгжилтэй орны боловсрол мэдлэг дорой, элдэв төрлийн мэдээлэл авч чадахгүй хүмүүс бие биенийхээ үгийг дагахаас өөр яах билээ. Тэднээс илүү байж бид тийм мухар сүсэгт захирагдаад сууж байна гэхэд ичмээр санагддаг.

-Тэгвэл сүүлийн үед олшроод байгаа бариа заслын аргыг эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрсөн болов уу?
-Ямар нэгэн ном хэвлэл уншихаараа би эрүүл мэндийн талын зүйлийг нь илүү хардаг. "Мандухай цэцэн хатан" кинон дээр Алтжин хатны хүүхэд энддэг шүү дээ. Ингэхээр тэр үед ч амьгүй төрөлт гарч байсан хэрэг. Тухайн үедээ бариа засал, энэ тэрээр л аргалдаг байсан биз. Гэтэл одоо ямар нэгэн анагаах ухааны боловсрол олоогүй, тодорхой зөвшөөрөл байхгүй хүмүүс хоолныхоо мөнгийг олохын тулд бариач болоод явж байна.

Тэдний хор уршиг эмч нарт ирдэг гэдгийг хүмүүс мэдэхгүй. Мэс засал хийлгэх шаардлагатай хүнийг "Тархи нь хөдөлсөн байна" гэж оношлоод л баахан барьж, базаж суугаа нөхөд зөндөө таардаг. Тэртээ хэдэн зууны өмнөх хоцрогдсон сэтгэлгээгээр бид орчин үед амьдарч болохгүй шүү дээ. Техник технологи хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хэрнээ эрүүл мэнддээ хоцрогдсон сэтгэлгээгээр хандаж байгаа нь ичгэвтэр. Эцсийн эцэст хүн л хохирч байна.

Үүний цаана эмчилгээ хийж байгаа эмч нарын ачаалал, эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл, эмнэлэгт хандсан нийт өвчтөнүүдийн 80 хувь нь хүндэрсэн буюу хожуу үеийн өвчлөлтэй байдаг. Өвчний эхний шатанд мухар сүсэг, бариа засал энэ тэр гэж явсаар байгаад хүндэрч муудсан хойноо л эмчид хандах жишээтэй. Түүний оронд шууд эмнэлэгт хандах нь тухайн хүний эрүүл мэндэд тустай бөгөөд эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгө нэмэгдэхэд ч чухал үүрэгтэй. Иймэрхүү дэвшилттэй зүйлийг бид өнөөдөр ярих цаг нь болж. Төрөөд cap шахам усанд ороогүй, зуны халуунд ноолууран цамц, ноосон малгай, түрийтэй гутал өмссөн хүүхнүүд эмнэлэгт маань их ирдэг. Хөлөрч халууцсан хүн чинь ёстой жинхэнэ утгаараа, салхинд цохиулдаг юм байгаа биз дээ. Хөх нь зангирч өвдөхөөр шавар шавхай, гахайн тос, ямар муур хулганы савар ч билээ дээ, бараг дусаагаагүй юм байхгүй.. Ээжийнх нь шээснээс авахуулаад элдэв зүйл түрхээд шавчихсан, тэр нь бүр идээлсэн байгаа юм чинь. Юу гэсэн үг юм бэ.

Би залуу эхчүүдэд эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй мэдээллээ олж авахыг зөвлөдөг. Хэн нэгний тухай хов жив, идэж уусан явдал, гэмт хэрэг, аваарь ослын талаар сонирхож уншихаас илүү эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй.

-Энэ бүхнийг хуучин нийгмээс гаралтай гээд байгаа. Гэтэл тухайн үеийн эхчүүд ч бас ингэж төрдөг байсан хэрэг үү?
-Үгүй. Эмээ маань найм, миний ээж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн улс. Тэднээс хэрхэн төрж байсныг нь асуудаг юм, би. Манай эмээ хүүхдүүдээ гэртээ төрүүлсэн. Хоёрыг нь бүр хонинд явж байхдаа төрүүлсэн гэдэг. Өглөө нь жирэмсэн гарсан хүн малын бэлчээр дээр төрчхөөд орой хонио хураахдаа хүүхдээ тэврээд ирж байсан хэрэг. Ээж маань бас хоёр хүүхдээ гэртээ төрүүлсэн юм билээ.

Төрснийхөө маргааш нь л шууд хөдөө дуудлаганд яваад өгсөн гэж ярьдаг шүү. Ингэж амьдарсан мөртлөө ээж, эмээгийн маань бие дордож, муудаагүй. Биднээс илүү тэнхлүүн яваа. Гэтэл манайхан төрөөд гам хийх ёстой гэлцээд байх юм. Энэ чинь өвчнөөс хамгаалах бус харин ч хөлөртлөө халууцаад салхи авах, цус нөжтэй бохир шавхаргаа цэвэрлэхгүй удах хэрэгтэй гэж зөвлөөд байгаа юм биш үү. Лам, бөө, бариач домчоос гадна ойр дотныхон нь хүртэл эрүүл мэндийнх нь асуудалд халдаж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт хандах ёстой.

-Та бас гам сахих, домын арга хэрэглэх зэргийг ч үгүйсгэж байсан. Тэгэхээр энэ бүгд худал гэсэн үг үү?
-Тиймээ, худал. Хатиг гарлаа гэхэд л "Буруу толгойтой, энэ тэр" гээд оношилдог. Гэтэл толгойтой хатиг гэж байдаггүй. Идээ нь томроод нэг газраараа л цоорч гардаг байхгүй юу. Түүнийг нь толгой гээд ойлгочихсон байх. Нүдэн дээр өвдөг гарахад өвдгөндөө хүрэх, хомхой долооход нь "Тостой хоол идээд гадаа гарсан" гэж оношлоод байгаа хоцрогдсон сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна, бид.

Энэ мэт буруу ойлголтууд эрүүл мэндийн шинжлэх ухаанд сөрөг нөлөөтэй. Дом, гам гэдэг чинь арга ядсан хүний л ажил. Хатгаа авчихаад шээсээ ууж эдгэсэн ч юмуу тохиолдлын маягийн зүйл гардаг байж магадгүй. Хатиг, хатгаа, хомхой гээд л бүгд нянгаар үүсгэгддэг өвчин. Шинжлэх ухаанд нотлогдоогүй, мухар сүсэг төдий буруу ойлголт өнөөгийн нийгэмд заншил болоод байгаа нь эмзэглэх асуудлын нэг яах аргагүй мөн.

Хавдар судлалын мэргэжилтнүүд ярьж байсан шүү дээ. Гурван жилийн өмнө хавдрын анхан шатны эмгэг илэрсэн хүнд мэс засал хийх гэхэд лам ахынхаа зөвлөснөөр "Мэс хүргэж болохгүй" гэсээр байгаад өнөөдөр үхлүүт болчихсон явж байгаа гэсэн. Энэ бүхэн маань нөгөө буруу зүйл ярьсан ламтай тооцох хариуцлага байхгүй, бас өвчтөний эрүүл мэндийн мэдээлэл муу байгааг харуулж байна. Өвчний талаар зөв бус сөрөг талын мэдээлэл давамгайлсан байдаг, манайд.

Тиймээс өвдвөл лам, бөө гэж гүйхийн оронд шууд л эмчид хандах ''хэрэгтэй. Эд зүйлээ хулгайд алдчихаад цагдаа сэргийлэхэд ханддаг шиг өвчин зовлонгоо эмнэлэгт л эмчлүүлэх ёстой. Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухааны анагаах ухаан хоёр нийлээд цогц арга болох нь хамгийн зөв. Хэсэг хугацаанд орхигдсон ч гэлээ, үүнийг одоо эргээд сэргээж байгаа нь сайхан хэрэг. Шинжлэх ухааны анагаах ухааны дийлэхгүй байгаа архаг хууч болон сахар, арьсны өвчний тал дээр уламжлалт анагаах ухаан эмчлэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар яс хугарах, тархинд цус харвах, мухар олгой ургах, түгжрэл болох зэрэг өвчинд шинжлэх ухааны анагаах ухаанаа дагасан нь зөв болж таарч байна. Энэ мэт ялгааг мэдэрч, ямар төрлийг нь сонгож эмчлүүлэхээ ч мэдэж байх нь чухал. Бэлгийн харьцаа, эрүүл ахуйн талаар сайн мэдэхгүй байж л харилцаанд орж, хүүхэдтэй болчихсон эхчүүд олон бий. Тэр ч байтугай ЭХО дуран авайн оношлогооны талаар ч одоог хүртэл бүрэн мэдээгүй явна.

-Үүнээс үүдээд ЭХО-д олон удаа харуулснаар ургийн өсөлт зогсох, амьгүй төрөх асуудал их гарах болсон гэлцээд байгаа?
-Өндөр давтамжтай чанд авианы дуран шүү дээ, энэ чинь. Юу ч мэдэхгүй байж "ЭХО-д битгий харуулаарай, их муу" гэж яриад байх юм. Эрдэнэтэд амьдардаг 41 настай дээд боловсролтой нэг хүүхэн сая надад үзүүлээд бас л ийм зүйл ярьж бухимдууллаа.

"Жирэмсэн болоход эмч нар намайг ЭХО-д харсаар байгаад хүүхдийг минь өсөлтгүй болгосон" гэж. Үнэндээ, энэ бүхэн сав, өндгөвч зэрэг эхийн биеийн эрүүл мэндээс шалтгаалсан хэрэг. Хүнээс буруугаа эрдэг "монгол" зангаа гээх хэрэгтэй байна шүү дээ.

-Та түрүүнд ярьж байсан. "Дээр үед ч гэсэн амьгүй ураг төрж байсан" гэж. Тэгвэл амьгүй төрөлт нэлээд нэмэгдэх хандлагатай болсон үед шалтгааныг нь тодруулах гэсэн хүсэлтэй хүн ч олширсон байх?
-Тиймээ, үүнийг анагаах ухаанд гурван зүйлээр нотолсон. Эхнийх нь, жирэмсэн эх ямар нэгэн үрэвсэлт өвчний халдвартай байх нь цусаар дамжиж урагт нөлөөлөх гол зам болдог. Өвчин үүсгэгч нянгууд хэвлийд бүрэлдэж байгаа ургийн шим тэжээл рүү төвлөрөх нь ойлгомжтой шүү дээ. Хоёрт, цусны бүлэг тохирохгүйн улмаас ураг өсөлтгүй болох нь бий.

Хамгийн сүүлд нь, гадны нөлөөнөөс буюу янз бүрийн хүчтэй эм бэлдмэл хэрэглэсний улмаас энддэг. Зарим тохиолдолд жирэмсэн эхчүүд болон эмч мэргэжилтнүүдийн алдаанаас үүдэж ураг амьгүй төрөх асуудал ч гардаг. Хүүхнүүд "Өмнө нь төрж байсан юм чинь дараагийн хүүхэд маань зүгээр байх биз" гээд жирэмсэн байхдаа ер тоодоггүй. Гэтэл өөрийн эрүүл мэнд, ургийн өсөлт хөгжилтийг үргэлж анхаарч байх хэрэгтэй шүү дээ. Цусны дөрвөн бүлгээс гадна нэмэх, хасах гэсэн хоёр бүлэг ч бас бий. Харин хасах бүлгийн цустай хүмүүс эмчилгээ, сувилгаа сайтар хийлгэхгүй бол жирэмслэх тохиолдол бага, ураг амьгүй төрөх гээд л асуудал их үүснэ.

Дэлхийд нэртэй эрдэмтэд илтгэл тавилаа

Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс Мэдрэл судлалын олон улсын сургалт семинарыг энэ сарын 4-6-нд нийслэл хотноо зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцохоор ХБНГУ-аас Ульм хотын Их сургуулийн Мэдрэлийн эмнэлгийн захирал, Европын мэдрэл судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Германы Булчин судлалын ба эпилептологийн төвийн дарга профессор доктор А.Лудольф, Халле хотын Их сургуулийн мэдрэлийн эмнэлгийн захирал, АУ-ы факультетийн декан, профессор, доктор Ш.Цийрц нарын нэртэй таван эрдэмтэн судлаач ирсэн байсан.

Семинарын үеэр профессор, доктор Ш.Цийрцийн "Харвалтын шинэ сониноос" Ахиц бий юу?", доктор А.Винтерийн "Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Тахир дутуугийн группт оруулах мэдрэлийн өвчний үнэлгээ", профессор, доктор Г.Чойжамцын "Vestibo''-ийн клиник, фармакологийн судалгааны зарим үр дүн, дэд профессор, анагаах ухааны доктор Л.Отгонбаярын "Vestibo" мэдрэлийн өвчний эмчилгээнд" сэдэвт илтгэлүүд эмч нарын сонирхлыг ихэд татаж байлаа.

Энэхүү сургалт семинарыг "Актавис"-ын Монгол дахь төлөөлөгчийн газар ивээн тэтгэсэн аж. "Актавис" нь дээд зэрэглэлийн эм үйлдвэрлэл, борлуулалт болон бүтээгдэхүүний онцгой чанараараа дэлхийд тэргүүлэгч байгууллага юм. Европ, АНУ болон Азид орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүдтэй "Актавис" эмийн компани нь олон төрлийн эм бэлдмэлийг шахмал, бүрмэл, тарилга, лаа, цацлага, нунтаг, уухаар шингэн болон өтгөрүүлсэн хэлбэрээр үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж.

Анх 2006 онд Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг Дэлхийн мэдрэлийн эмч нарын холбоотой хамтран "INFO-2006" олон улсын сургалт-семинарыг манай оронд зохион байгуулсан. Анхны сургалт семинарт дэлхийн долоон орны нэр цуутай эрдэмтэд болон хот, хөдөөгийн 160 гаруй мэдрэлийн эмч, багш эрдэмтэд оролцжээ. Удаах сургалт нь 2008 онд болсон.

Манай оронд сүүлийн жилүүдэд эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжиж байгаа ч дэлхийн түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа билээ. Эмч нарын боловсролыг дээшлүүлэх, харилцаа холбоогоо сайжруулахад энэхүү сургалт семинар ач холбогдолтойд тооцогдож байна. Гадаадын эрдэмтэн багш нарын лекц зөвлөгөөг сонсч, туршлага солилцохоос гадна хамтран өвчтөн үзэж, мэтгэлцэх боломж олдож буйд ихээхэн талархаж байгаагаа семинарт оролцсон эмч нар ярьж байна.

Эдийн засгийн хямрал Сэтгэл зүйн хямралд хүргэдэг

Хямралын талаар хөгжингүй орнууд маш олон талаас нь судалж байна. Ихэнх улстөрчид, эдийн засагчид ямар арга хэмжээ авбал аль болох хурдан санхүүгийн байдлаа дээшлүүлэх талаар харьцуулсан судалгаа анализ хийж, бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Харин эдийн засгийн тогтворгүй байдал хүний нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар европын эрдэмтэд судлан, гарч байгаа зарим нэг нийгмийн үзэгдлүүдийн талаар мэдээлжээ.

Хямралын улмаас олон хүмүүс ажлаа алдаад зогсохгүй сэтгэл зүйн тогтвортой байдлаа ч алддаг. Тодруулж хэлбэл хямралын уршиг үхлийн ч аюулд хүргэдэг тал бий. Яагаад гэвэл сэтгэл санааны хямралаас болж хүмүүс амиа хорлох үзэгдэл олширдог байна. Олон улсын анагаахын хэллэгээр үүнийг "Suizid" гэж нэрийддэг.

"Suizid" \цаашид Суицид гэх\хөгжингүй орнуудад элбэг тохиолддог нь судалгаагаар нотлогджээ. ХБНГУ-д Эрүүл мэндийн даатгалын компанийн сүүлийн хоёр жилийн мэдээгээр сэтгэхүйн гаралтай өвчлөлийн илэрц тийм ч бага бус гарсан. Өөрөөр хэлбэл 2000 онтой харьцуулбал 20 хувиар өссөн байна. Мөн Францад сэтгэл зүйн хямрал, цаашлаад амиа хорлоход хүргэдэг талаар тодорхой судалгаа хийсэн. Тус улсад эдийн засгаас үүдэлтэй сэтгэл санааны доголдолтой болсон хүний тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Үүгээр ч зогсохгүй ажилтан, албан хаагчид нь өндөр шаардлагатай нөхцөлд ажилладаг компаниудын сэтгэл зүйн тогтворгүй байдал орсон хүний тоо нь нийт хүн амын дундах сэтгэл зүйн хямралтай хүмүүсийн дийлэнх хувийг хүргэдэг эзэлж байгаа тоо баримт гарчээ. Харин АНУ-д хийсэн судалгаагаар дэвшүүлсэн таамаглалд, санхүүгийн байдлаас болж амиа хорлогчдын тоо жилд 1200 хүрнэ гэжээ.

Энэ нь эрдэмтдийн зүгээс нэлээд өөдрөг харж байгаа тоо юм. Учир нь европын орнуудад энэ тоо жилд 9000 хүрч байсан баримт бий. Эрдэмтдийн судалгаагаар бас нэгэн зүйл тодорхой болсон нь, энгийн албан хаагчдаас гадна цагийн ажилчид, цагаач иргэд сэтгэл зүйн хямралд өртөх нь элбэгшиж байгаа явдал, ялангуяа цагаач иргэдийн хүүхдүүд болох өсвөр насны охид залуус суицидийн төвшинд жинтэй байр суурь эзлэх болсон нь түгшүүртэй.

Гадаад оронд дүрвэн ирэгсэд яагаад суицидэд нэрвэгдэж байгаа нь хувийн дасан зохицохуйтай шууд холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, соёлын ялгаатай байдал тэдний хувьд сэтгэл зүйн дарамт авчирдаг. Үүнээс гадна наанадаж хэлний бэрхшээлээс болж суралцах, ажиллах боломжууд нь хязгаарлагдаж, өөртөө итгэх итгэл буурснаар байдлыг улам хүндрүүлдэг аж. Германд сүүлийн тавин жилийн хугацаанд голцуу нас тогтсон хүмүүс амиа хорлох үзэгдэл олширсон. Нийт амиа егүүтгэгсдийн 20 хувийг 60-аас дээш насныхан байдаг. Хижээл насандаа хүмүүс хөгшрөөд, хүч чадал нь мөхөстөж, ядуурч, асрамжийн газарт хүргэгдэж, хүний хараанд байх болно гэдэг айдас нь ийнхүү тэднийг хямралд оруулдаг.

Ажилгүйдлээс айх, ажлын байраа алдахвий хэмээн санаа зовон эргэлзэх нь хүнийг одоо яах билээ, ингэх ч, тэгэх ч ёстой гэж байнга тархиндаа тунгааж явахад хүргэдэг. Сэтгэл санааг зовоох зүйл байнга давтагдаж, ачаалал нэмэгдсэнээр ирээдүйд итгэх итгэл алдагдаж хэнд ч хэрэггүй гутамшигт амьтан мэт бодогдуулдаг. Ийнхүү гүн хямралд орсон хүнд өөрийгөө "дуусгах" нь хамгийн зөв, ганц арга мэт санагддаг аж.

Оксфордын Их сургуулийн нийгмийн сэтгэл зүйч, эрдэмтэн Девид Сткжлер, дэлхийн хорин зургаан орны мянган хүний дунд судалгаа явуулснаар 64-өөс дээш насныхан суицидэд нэрвэгсдийн 2,4 хувийг эзэлж буйг олж тогтоосон. Дэлхий дээр дундажаар хором тутамд 47 хүн суицидэд өртөж амиа хорлодог гэжээ. "American Journal of Public Health" сэтгүүлд мэдээлснээр, өрөнд орж орон байраа алдсан хүмүүсийн 37 хувь нь асар хүнд сэтгэлийн дарамтад ордог. Тэдний 13 хувь нь суицидэд өртдөг гэж бичжээ.

Улс орны эдийн засгийг тогтворжуулах нь мэдээж хамгийн чухал зорилт юм. Гэхдээ нийгмийн гол хүчин зүйл болох хүний эрүүл мэнд, сэтгэл зүйг хамгаалах нь улс орны анхааралдаа авах асуудалд орно. Нөгөө талаараа хүн эрүүл байх нь гэр бүл, мөн хувь хүнээс өөрөөс нь их хамаарах тул хэрхэн стресст бага өртөх талаар багахан зөвлөгөөг дор хавсаргав.

1. Өөрийнхөө хийх дуртай зүйлд аль болох цаг зав гаргаж төлөвлөх
2. Зөв, сайн хооллох
3. Таныг хүндэлдэг, үнэлж,, чаддаг, танд хайртай, таныг магтдаг хүмүүстэй ойрхон бай
4. Өөрийгөө азгүй хэмээн бодохоо боль
5. Маргаашийн тухай бүү бод. Өнөөдрөөрөө амьдар
6. Өдөр бүхэн өөрийгөө баярлуулах зүйл хийж бай \магадгүй бусдыг баярлуулбал өөрөө ч баярлана\

Нийгмийн халамжаас хамаарч хүн амын өсөлт нэмэгджээ

Он гарсаар 46155 эх амаржиж 46300 хүүхэд, хорвоод мэндэлсэн байна. Тэгэхээр 100 гаруй хүүхэд ихэрлэсэн гэсэн үг. Хүн амын өсөлт, нярайн эндэгдэл ямар байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Нярайн болон эхийн эндэгдэл ямар байна вэ. Энэ талаар тодруулна уу?
-Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо энэ оны найман сарын байдлаар 892, эхийн эндэгдэл 27 гарсан. Тодруулбал, өнгөрсөн оныхоос нярайн эндэгдэл 59, эхийн эндэгдэл 19-өөр нэмэгдсэн гэсэн үг. Харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо буурсан. Ер нь 1000 хүнд ногдох эндэгдэл буурч байгаа.

-Энэ онд ямар төрлийн халдварт өвчнөөр өвчлөгсөд зонхилж байна вэ?
-Халдварт өвчнөөр 26 мянган хүн өвчилсөн. Үүнийг 10000 хүнд ногдохоор авч үзвэл өнгөрсөн оныхоос 11-ээр цөөрсөн байгаа. Тухайлбал, вируст гипатит, цусан суулгаар өвчлөгсдийн тоо бусад өвчнөөс илүү буурсан.

-Манай улсын хүн амын өсөлт хэдэн хувьтай байгаа вэ?
-2000 оноос хойш манай улсын хүн амын дундаж өсөлт 1.2-1.3 хувьтай байсан. Гэтэл сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүн амын өсөлт эрс нэмэгдэж 1.4-1.6 хувьд хүрч байна. Энэ нь төрөөс баримталж байгаа хүн амын бодлого, нийгмийн халамжтай холбоотой. Нөгөөтэйгүүр, иргэд өөрсдийн үр хүүхэдтэй болох хүсэл нэмэгдсэн нь ажиглагдаж байгаа.

-Улсын хэмжээнд он гарсаар хэдэн хүн нас барсан бол?
-Он гарсаар 10 мянган хүн нас барсан. Өнгөрсөн оныхоос 1.3 хувиар өссөн байна. Зөвхөн өнгөрсөн сард 1217 хүн нас барсан тоо гарлаа.

-Энэ тоонд нярай болон 1-5 хүртэлх насны эндэгдэл багтдаг уу?
-Тийм.

-Нийгмийн халамжийн сангаас энэ оны найман сарын байдлаар 78 тэрбум төгрөгийг 1.3 сая хүнд олгосон байна. Үүний хэдэн хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байна вэ?
-Тухайлбал, үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ганц бие ахмадуудад үзүүлж байгаа. тусламж дэмжлэгүүд багтаж байна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа мөнгөний зургаан хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог. Харин 27 хувийг хүүхдийн мөнгө, 21 хувийг халамжийн тэтгэвэр, 16 хувийг шинэ төрсөн хүүхэд, шинээр гэрлэгсэд, 16 хувийг эхийн одонтой эхчүүд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар зэрэг алдар цолтой ахмадуудад үзүүлдэг тусламж юм. Мөн 5.4 хувь нь нөхцөлт мөнгөн тэтгэмж, 13 хувь нь жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд олгогддог. Манай улсын хүн амын ихэнхийг залуучууд эзэлдэг. Тиймээс ч хүүхдийн мөнгийг хүн амын дийлэнх нь авахад хүрч байна.

Цар тахлаас сэргийлэх ажил

Дэлхий нийтийг түгшээгээд буй томуугийн "А" хүрээний H1N1 вирүсийн халдвар энэ сард 254 мянга 206 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2857 хүн нас барсан юм. Манай улс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хилийн боомтуудад илүүтэй хэрэгжүүлж, хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж авах гэрээг байгуулж байгаа юм. Хилийн боомтуудад эхний ээлжинд 5,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар зайнаас халуун хэмжигч тоног төхөөрөмжийг Буянт-Ухаа дахь ХМХА-нд суурилуулсан байна. Эдгээр нь 85 сая 793 мянга 440 төгрөгийн өртөгтэй аж. Уг вирүсийн халдвараас сэргийлэх, сэжигтэй хүн нэвтрүүлэхгүй байх талаар анхаарч хяналт шалгалтыг чангатган ажилласны үр дүнд одоохондоо манай улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Төмөр замын хоёр цэцэрлэгийн 43 хүүхдэд хордлогын шинж илэрчээ

Төмөр замын харьяа хүүхдийн 4, 5 дугаар цэцэрлэгийн 43 хүүхдэд хоолны хордлогийн шинж тэмдэг илэрч, тус хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан байна. Энэ сарын 11-ний баасан гарагийн орой 21цагаас эхлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвд 38-40 хэм хүртэл халуурч, гэдэс нь өвдөж гүйлгэлээ гэх хүүхдийн дуудлагууд ирж эхэлжээ. Хоолны хордлогын шинж тэмдэг 43 хүүхдэд илэрснээс дөрвөн хүүхэд нь эмчилгээнд шууд орж, Төмөр замын эмнэлэгт хоёр хүүхэд, БЗД-ийн эмнэлэгт нэг хүүхэд, ХӨСҮТ-д нэг хүүхэд тус тус хэвтэн эмчлүүлж байна. Бусад 39 хүүхэд нь харьяа хорооныхоо өрхийн эмчийн хяналтанд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд Төмөр замын харьяа хүүхдийн таван цэцэрлэг байдаг ба одоогоор дээрх хоёр цэцэрлэгийн 43 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрээд байгаа. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд НМХГ-аас хяналт хийж тус хоёр цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоолны дээж, өвдсөн хүүхдүүдээс арчидсын шинжилгээ, цэцэрлэгийн багш ажилчдаас ч шинжилгээ авч нийслэлийн төв лабораторт шинжлүүлэхээр өгөөд байгаа гэж холбогдох хүмүүс ярилаа.

Дээрх таван цэцэрлэгийн нэгдсэн сүлжээгээр Төмөр замын худалдаа хангамжийн газрын “Нитекс” компаниас авдаг хүнсний бүтээгдэхүүнийг ч шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр шинжилгээний хариу ирэх гурав дахь өдөр буюу 16-нд гарах хүртэл тус хоёр цэцэрлэг үүдээ барихаас аргагүйд хүрчээ. 43 хүүхдийг насны ангиллаар нь үзвэл нэг нас есөн сартай нэг хүүхэд, гурваас дөрвөн настай есөн хүүхэд, дөрвөөс таван настай 33 хүүхэд байна.

5 дугаар цэцэрлэгийн ахлах ангийн Б хүүгийн эхээс юу болсон талаар тодруулав.

-Таны хүүгийн бие хэр байна вэ?
-Шингэн алдаад тааруухан байдалтай байгаа. Гэхдээ арай эмнэлэгт хүргэгдээгүй. Ангийнх нь хоёр ч хүүхэд сэхээнд байгаа дуулдсан. Ядахдаа ойр хавийн буюу төмөр замын бүх эмийн сангуудад хордлогын эсрэг эм бүгд дууссан байна. Холхон явж эм авах хэрэг гарч байна.

-Яагаад ойр хавийн эмийн сангуудад хордлогын эсрэг эм дууссан гэж...?
-Энэ орчмын их олон хүүхэд хордсон учраас тэр байх. Ганц манай хүүгийн цэцэрлэг биш, 4 дүгээр цэцэрлэгт бас ийм юм болсон гэсэн.

-Таны хүүд хоолны хордлого болсныг хэзээ мэдсэн бэ?
-Уржигдар. Манай хүү ярихдаа нэг муухай амттай хоол өгсөн гэсэн. Идмээргүй байсан ч багшаасаа айгаад идчихсэн гэж байна билээ.

-Багшаасаа айсан гэхээр хүүхдүүдийг ямар нэгэн хэлбэрээр дарамталдаг байх нь ээ?
-Тийм юм болов уу гэж ойлгосон. Нэлээд хэд хоногийн өмнө эмээ нь хүүгээс цэцэрлэг дээрээ юу уудагыг нь асуухад “Хар цай” гэсэн. Тэгвэл эмээ нь “Хар цай” чанаж өгөх үү? гэсэнд шууд л “Үгүй. Түүнийг чинь зөвхөн цэцэрлэг дээр л уудаг юм. Би уух дургүй” гэсэн. Цэцэрлэгтээ уух дургүй байсан ч уудаг гэхээр ямар нэгэн шахалт, дарамт байна гэж ойлгосон.

-Та цэцэрлэгийнхэнтэй уулзсан уу? Хордлого юунаас болсоныг тодруулсан болов уу?
-Ангийнх нь багштай уулзсан. Ганц манай цэцэрлэгт ийм юм болоогүй, тэгэхээр бидний ажлын буруугаас биш, цаанаас хангалтаар нийлүүлдэг хоол хүнсний зүйлэнд л гол асуудал байгаа гэж хэлж байна билээ.

-Ер нь зүгээр нэг хоолонд хордоод, хэд хоног шингэн алдаад өнгөрөх бол яахав, бага хэрэг. Хүүхдийн амь нас эндвэл хэн хариуцлагыг нь хүлээх ёстой вэ? Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Харин тийм. Энэ чинь юуныхаа ч учрыг мэдэхгүй нялх амьтад байгаа шүү дээ. Хордлого чухам юунаас болсныг тодруулсны дараа хариуцлага үүрэх эзэн нь тодорхой болох байх. Гэхдээ манайхан л болсон хойно ингэж тэгсгээд аргалаад өнгөрөх биз. Зөвхөн хүүхдийн амь нас төдийгүй энэ олон эцэг эхчүүдийн сандрал, эмчилгээний зардал, ажлаа алдсан нь гээд зөндөө л хохирч байна. Тэр хохирлыг хэн нэгэн хариуцах ёстой юу? Хөгжилтэй оронд ийм хэрэг явдал гарвал харьяалсан сайд, хотын дарга нь сайн дураараа огцрох өргөдлөө өгдөг юм билээ. Тэр ч бүү хэл иймэрхүү хэрэг явдлаас болоод огцорсон Засгийн газар ч бий шүү дээ. Бид ардчилал яриад байх, гэхдээ миний ойлгож байгаагаар ардчиллыг хариуцлагаас салгахын аргагүй санагддаг.

Нэрс хүний тархины эд эсийг хамгаалах чадвартай

Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусаараа хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж.

Зэрлэг нэрс Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар нэлээд тархан ургадаг бөгөөд Канад, АНУ-д сүүлийн хагас зуун жилд ихээхэн тарималжуулжээ.

Энэ жимс уугуул америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байсан. Тиймээс нэрсний фермерийн аж ахуйнууд олноороо өрсөлдөн, шинэ сорт хүртэл гаргаж авах болжээ. Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч маш ихээр тарималжуулсан аж. Австрали тивийнхэн таримал нэрсийг хүнсэндээ харьцангуйгаар хамгийн сүүлд хэрэглэдэг болсон.

Тэжээлийн агууламж:
Нэрсний бүтцэд флавнойд их хэмжээгээр байдаг. Хүний биед маш хэрэгтэй чухал бодис Антоционидин гэж антиоксидант хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Бодисын солилцооны явцад хүний биед буруу исэлдэлт үүсдэг. Эдгээр буруу исэлдэлт нь хүний бие организмд хортойгоор нөлөөлдөг бөгөөд эдгээрийг саармагжуулах үйлчилгээтэй бодисыг антиоксидант хэмээн нэрлэдэг. Биед үүссэн буруу исэлдэлтийг хэдийчинээ багасгаж чадна, төдий хэмжээгээр бие махбодио хорт бодисоос хамгаалж, эрүүл чийрэг байж чадна. Нэрсний өнгө гүн хар хөх туяатай байх тусмаа антиоксидант ихтэй байдаг.

Түүнчлэн витамин С-гээр маш баялаг бөгөөд ислэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.

100 гр буюу хагас аяга жаахан илүү хэмжээтэй нэрсний илчлэг 57-Ккал бөгөөд
0.7 гр - протен
0.3 гр - өөх тос
14.5 гр – нүүрс ус
2.4 гр - ислэг
9.гр - чихэр /фруктоз глюкоз/ агуулдаг юм.

Анагаах чанар:
Гол анагаагч нь антиоционидин хэмээх бодис юм. Үүнийг бас хамгийн өндөр үйлчилгээтэй антиоксидант ч гэдэг. Хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн жимснээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдгийг АНУ-ын Tufts University-ийн эрдэмтэд лабораторид нарийн судалгаагаар тогтоожээ. Мөн алцгеймерийн /Alzheimer's/ буюу оюун ухаан самуурах өвчний болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталжээ. Эрдэмтдийн туршилтаар бүтэн сарын туршид өдөрт нэг аяга орчим нэрс идүүлж байсан хархны тархины эсийн үйл ажиллагаа нь огт нэрс хэрэглээгүй хархныхаас хол давуу байгааг тогтоожээ.

Одоогийн байдлаар нэрсийг нүдний хараа хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд хэрэглэж байна.

Тэрчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед Английн Хатан хааны цэргийн нисэх хүчнийхэн шөнийн нислэгт явах нисгэгч нартаа нэрс өгдөг байсан гэх сонирхолтой түүх байдаг. Чихрийн шижин өвчинтэй холбоотойгоор хараа муудах, судас бүдүүрэх, шулуун гэдэсний цус алдалт, бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчин эмгэгийг анагаахад тустайг шинжлэх ухааны судалгаа нотолсоор байна. Европын зарим орны ардын эмнэлэгт шингэн алдаж суулгах болон өтгөн хатах эмгэгийг анагаахын аль алинд хэрэглэдгийг дурдсан байдаг. Учир нь нэрсний найрлагад анагаах чанартай ислэг, шингэн алдалтыг зогсоох чанартай бодис агуулагддагтай холбоотой аж. Эртний Аюурведийн анагаах ухааны толь бичигт элэгний тамир сайжруулах, цус төлжүүлэх, шөнийн цагт ихээр шээх, амьтанд хазуулсан шарх хурдан эдгээхэд хэрэглэдэг. Мөн бэлгийн чадвар сайжруулдаг хэмээн бичсэн байдаг.

Түүнчлэн нэрс нь шээс, бэлгийн замын халдварыг анагаах чадвартай. Давсаг, шээсний сүвийн үрэвсэлт өвчнүүд, гэдэсний савханцрын халдвар зэргийг анагаах үйлчилгээтэйг шинжлэх ухаан баталжээ.

Хэрэглээ:
Манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар элбэг ургадаг. Нэрсийг хадгалах хамгийн сайн арга бол шинээр нь хөлдөөх. Хөлдүү нэрсийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж болно. Мөн чанамал хийж хадгалхад чанараа алддаггүй сайн талтай.

Нэрстэй жимсний зутан
Жимсний зутанг бэлтгэхдээ нэг аяга тараганд хоёр ширхэг гадил, хоёр ширхэг алим, хагас аяга нэрс хийж, гурван аяга ус, эсвэл алимны шүүстэй холиод жимс нухагчид хийж хутгана. Ингэж бэлтгэсэн зутан дөрвөн хүний хэрэглээ болох бөгөөд дээр нь 4-5 ширхэг мөс, 1 -2 халбага бурам, элсэн чихэр нэмж болно.
• Нэг аяга шинэхэн тараганд 2-3 амны халбага нэрс хутгаад хэрэглэх.
• Хөлдүү нэрснээс 3-4 амны халбагыг өглөөний цайндаа хэрэглэх.
• Өдөрт 1-2 халбага нэрсний чанамалыг буцалсан бүлээн усанд хийж уух зэргээр энэ жимсийг өдөр тутам хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай.

View өдөр тутмын маршрут in a larger map