Wednesday, October 21, 2009

Нийгмийн халамжаас хамаарч хүн амын өсөлт нэмэгджээ

Он гарсаар 46155 эх амаржиж 46300 хүүхэд, хорвоод мэндэлсэн байна. Тэгэхээр 100 гаруй хүүхэд ихэрлэсэн гэсэн үг. Хүн амын өсөлт, нярайн эндэгдэл ямар байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Нярайн болон эхийн эндэгдэл ямар байна вэ. Энэ талаар тодруулна уу?
-Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо энэ оны найман сарын байдлаар 892, эхийн эндэгдэл 27 гарсан. Тодруулбал, өнгөрсөн оныхоос нярайн эндэгдэл 59, эхийн эндэгдэл 19-өөр нэмэгдсэн гэсэн үг. Харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо буурсан. Ер нь 1000 хүнд ногдох эндэгдэл буурч байгаа.

-Энэ онд ямар төрлийн халдварт өвчнөөр өвчлөгсөд зонхилж байна вэ?
-Халдварт өвчнөөр 26 мянган хүн өвчилсөн. Үүнийг 10000 хүнд ногдохоор авч үзвэл өнгөрсөн оныхоос 11-ээр цөөрсөн байгаа. Тухайлбал, вируст гипатит, цусан суулгаар өвчлөгсдийн тоо бусад өвчнөөс илүү буурсан.

-Манай улсын хүн амын өсөлт хэдэн хувьтай байгаа вэ?
-2000 оноос хойш манай улсын хүн амын дундаж өсөлт 1.2-1.3 хувьтай байсан. Гэтэл сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүн амын өсөлт эрс нэмэгдэж 1.4-1.6 хувьд хүрч байна. Энэ нь төрөөс баримталж байгаа хүн амын бодлого, нийгмийн халамжтай холбоотой. Нөгөөтэйгүүр, иргэд өөрсдийн үр хүүхэдтэй болох хүсэл нэмэгдсэн нь ажиглагдаж байгаа.

-Улсын хэмжээнд он гарсаар хэдэн хүн нас барсан бол?
-Он гарсаар 10 мянган хүн нас барсан. Өнгөрсөн оныхоос 1.3 хувиар өссөн байна. Зөвхөн өнгөрсөн сард 1217 хүн нас барсан тоо гарлаа.

-Энэ тоонд нярай болон 1-5 хүртэлх насны эндэгдэл багтдаг уу?
-Тийм.

-Нийгмийн халамжийн сангаас энэ оны найман сарын байдлаар 78 тэрбум төгрөгийг 1.3 сая хүнд олгосон байна. Үүний хэдэн хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байна вэ?
-Тухайлбал, үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ганц бие ахмадуудад үзүүлж байгаа. тусламж дэмжлэгүүд багтаж байна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа мөнгөний зургаан хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог. Харин 27 хувийг хүүхдийн мөнгө, 21 хувийг халамжийн тэтгэвэр, 16 хувийг шинэ төрсөн хүүхэд, шинээр гэрлэгсэд, 16 хувийг эхийн одонтой эхчүүд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар зэрэг алдар цолтой ахмадуудад үзүүлдэг тусламж юм. Мөн 5.4 хувь нь нөхцөлт мөнгөн тэтгэмж, 13 хувь нь жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүдэд олгогддог. Манай улсын хүн амын ихэнхийг залуучууд эзэлдэг. Тиймээс ч хүүхдийн мөнгийг хүн амын дийлэнх нь авахад хүрч байна.

No comments:

Post a Comment