Wednesday, October 21, 2009

Төмөр замын хоёр цэцэрлэгийн 43 хүүхдэд хордлогын шинж илэрчээ

Төмөр замын харьяа хүүхдийн 4, 5 дугаар цэцэрлэгийн 43 хүүхдэд хоолны хордлогийн шинж тэмдэг илэрч, тус хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан байна. Энэ сарын 11-ний баасан гарагийн орой 21цагаас эхлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төвд 38-40 хэм хүртэл халуурч, гэдэс нь өвдөж гүйлгэлээ гэх хүүхдийн дуудлагууд ирж эхэлжээ. Хоолны хордлогын шинж тэмдэг 43 хүүхдэд илэрснээс дөрвөн хүүхэд нь эмчилгээнд шууд орж, Төмөр замын эмнэлэгт хоёр хүүхэд, БЗД-ийн эмнэлэгт нэг хүүхэд, ХӨСҮТ-д нэг хүүхэд тус тус хэвтэн эмчлүүлж байна. Бусад 39 хүүхэд нь харьяа хорооныхоо өрхийн эмчийн хяналтанд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд Төмөр замын харьяа хүүхдийн таван цэцэрлэг байдаг ба одоогоор дээрх хоёр цэцэрлэгийн 43 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрээд байгаа. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 13-нд НМХГ-аас хяналт хийж тус хоёр цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоолны дээж, өвдсөн хүүхдүүдээс арчидсын шинжилгээ, цэцэрлэгийн багш ажилчдаас ч шинжилгээ авч нийслэлийн төв лабораторт шинжлүүлэхээр өгөөд байгаа гэж холбогдох хүмүүс ярилаа.

Дээрх таван цэцэрлэгийн нэгдсэн сүлжээгээр Төмөр замын худалдаа хангамжийн газрын “Нитекс” компаниас авдаг хүнсний бүтээгдэхүүнийг ч шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр шинжилгээний хариу ирэх гурав дахь өдөр буюу 16-нд гарах хүртэл тус хоёр цэцэрлэг үүдээ барихаас аргагүйд хүрчээ. 43 хүүхдийг насны ангиллаар нь үзвэл нэг нас есөн сартай нэг хүүхэд, гурваас дөрвөн настай есөн хүүхэд, дөрвөөс таван настай 33 хүүхэд байна.

5 дугаар цэцэрлэгийн ахлах ангийн Б хүүгийн эхээс юу болсон талаар тодруулав.

-Таны хүүгийн бие хэр байна вэ?
-Шингэн алдаад тааруухан байдалтай байгаа. Гэхдээ арай эмнэлэгт хүргэгдээгүй. Ангийнх нь хоёр ч хүүхэд сэхээнд байгаа дуулдсан. Ядахдаа ойр хавийн буюу төмөр замын бүх эмийн сангуудад хордлогын эсрэг эм бүгд дууссан байна. Холхон явж эм авах хэрэг гарч байна.

-Яагаад ойр хавийн эмийн сангуудад хордлогын эсрэг эм дууссан гэж...?
-Энэ орчмын их олон хүүхэд хордсон учраас тэр байх. Ганц манай хүүгийн цэцэрлэг биш, 4 дүгээр цэцэрлэгт бас ийм юм болсон гэсэн.

-Таны хүүд хоолны хордлого болсныг хэзээ мэдсэн бэ?
-Уржигдар. Манай хүү ярихдаа нэг муухай амттай хоол өгсөн гэсэн. Идмээргүй байсан ч багшаасаа айгаад идчихсэн гэж байна билээ.

-Багшаасаа айсан гэхээр хүүхдүүдийг ямар нэгэн хэлбэрээр дарамталдаг байх нь ээ?
-Тийм юм болов уу гэж ойлгосон. Нэлээд хэд хоногийн өмнө эмээ нь хүүгээс цэцэрлэг дээрээ юу уудагыг нь асуухад “Хар цай” гэсэн. Тэгвэл эмээ нь “Хар цай” чанаж өгөх үү? гэсэнд шууд л “Үгүй. Түүнийг чинь зөвхөн цэцэрлэг дээр л уудаг юм. Би уух дургүй” гэсэн. Цэцэрлэгтээ уух дургүй байсан ч уудаг гэхээр ямар нэгэн шахалт, дарамт байна гэж ойлгосон.

-Та цэцэрлэгийнхэнтэй уулзсан уу? Хордлого юунаас болсоныг тодруулсан болов уу?
-Ангийнх нь багштай уулзсан. Ганц манай цэцэрлэгт ийм юм болоогүй, тэгэхээр бидний ажлын буруугаас биш, цаанаас хангалтаар нийлүүлдэг хоол хүнсний зүйлэнд л гол асуудал байгаа гэж хэлж байна билээ.

-Ер нь зүгээр нэг хоолонд хордоод, хэд хоног шингэн алдаад өнгөрөх бол яахав, бага хэрэг. Хүүхдийн амь нас эндвэл хэн хариуцлагыг нь хүлээх ёстой вэ? Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Харин тийм. Энэ чинь юуныхаа ч учрыг мэдэхгүй нялх амьтад байгаа шүү дээ. Хордлого чухам юунаас болсныг тодруулсны дараа хариуцлага үүрэх эзэн нь тодорхой болох байх. Гэхдээ манайхан л болсон хойно ингэж тэгсгээд аргалаад өнгөрөх биз. Зөвхөн хүүхдийн амь нас төдийгүй энэ олон эцэг эхчүүдийн сандрал, эмчилгээний зардал, ажлаа алдсан нь гээд зөндөө л хохирч байна. Тэр хохирлыг хэн нэгэн хариуцах ёстой юу? Хөгжилтэй оронд ийм хэрэг явдал гарвал харьяалсан сайд, хотын дарга нь сайн дураараа огцрох өргөдлөө өгдөг юм билээ. Тэр ч бүү хэл иймэрхүү хэрэг явдлаас болоод огцорсон Засгийн газар ч бий шүү дээ. Бид ардчилал яриад байх, гэхдээ миний ойлгож байгаагаар ардчиллыг хариуцлагаас салгахын аргагүй санагддаг.

No comments:

Post a Comment