Wednesday, October 21, 2009

Намын байр биш амаржих газар хэрэгтэй байна

Монголын үрс маш олон болтугай. Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн энэ үгийг цөөхөн. монголчууд бэлэгшээж хэн хүнгүй өнөр өтгөн, урт удаан амьдрахыг хүсэмжилдэг билээ.

Гэвч "Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ" гэдэгчлэн шинээр төрж буй үрсээ өлгийдөн авах амаржих газрууд ачааллаа дийлэхгүй хэцүүхэн болжээ.

Орон нутгаас хот руу чиглэн ирж нийслэлчүүдийн хүрээг тэлэх шилжин ирэгсдийн ихэнх хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ ч утгаараа сая давсан хүн амтай нийслэлчүүдийн үр удмын болоод ээж нарынх нь эрүүл мэндийн манаанд зогсох эмч, мэргэжилтнүүд ч энэ салбарт дутмаг байгаа. Өнгөрсөн социалист нийгмийн үед баригдсан барилга нь олон улсын жишгээс даруй 50, ашиглаж буй тоног төхөөрөмж нь 40 шахам жилээр хоцрогдсон байх юм.

Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь их хотод өдөр бүр шинээр сүндэрлэх байшин барилгуудаас сүүлийн 20 шахам жилд улсын чанартай эрүүл мэндийн барилга огт үүд хаалгаа нээсэнгүй. Харин үүний оронд сургууль, цэцэрлэг, зугаа цэнгээний газрууд борооны дараах мөөг шиг л олширлоо. Энэ бүхэнтэй зэрэгцэн Монгол Улсын төрийн эрх баригч хоёр нам бие биеэсээ өрсөн өөрсдийн намын байрыг сүндэрлүүлэхийг зэхэж байна. Гэвч тус байранд суух эрхмүүдээс хэн нь ч нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй шинэ амаржих газрыг барья гэж ам ангайсангүй.

II амаржих газар их засварт орно
Өдгөөгөөс 40 жилийн өмнө сонгинохайрханчууд шинэхэн амаржих газартай болж байжээ. Тэр нь одоогийн II амаржих газар юм. Тус амаржих газар 1980-аад оны үед жилдээ 1500-2000 эхийг амаржуулдаг байжээ.

Гэтэл өнөөдөр яг энэ хүчин чадлаараа буюу 75 ор, 10 эх баригчтайгаар үүнээс хоёроос гурав дахин хүнд үйлчилж байна. Энэ хугацаанд ажиллах хүчийг тогтмол нэмэгдүүлж байсан хэдий ч "галын шугам"-нд явдаг эх баригч нарынхан тоонд өөрчлөлт оролгүй "хурган" дарга нарын болон бусад орон тоо бөглөгчдийн тоо л өссөн байх юм. Үүнээс гадна хүн хүчний хүрэлцээ муутай. Нэг эх баригчид ногдох үйлчлүүлэгчийн тоогоороо улсдаа тэргүүлдэг энэ эмнэлгийн байр мөөгөнцөрт идэгдсэний улмаас их засварт орж түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоох нь. Харин их засварыг хэзээнээс эхэлж хэдийд дуусгах нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өнөөдөр гаргах шийдвэрээс шалтгаалах ажээ.

Энэ нь II амаржих газрын үйл ажиллагааг зогсооход үйлчлүүлэгчдийг нь хүлээн авах газрууд шаардлага хангах эсэхэд хийсэн дүгнэлтийн хариунаас бусад бүх зүйл нь хамаарна гэсэн үг. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар энэ сарын 10-наас их засварын ажил эхлэх магадлалтай гэнэ. Засвар эхэлсэн өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн харьяа амаржих эхчүүдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон хувийн хэвшлийн "Номун" клиникийн эмнэлгийн байрыг ашиглан амаржуулах ажээ. Энэ нь зөвхөн дээрх хоёр эмнэлгийн байрыг түр хугацаагаар ашиглана. Харин тэнд II амаржих газрын ажилчид өөрсдөө өвчтөнүүддээ урьдын адил үйлчлэх гэнэ.

Шинэ амаржих газрын үлгэр
Нийслэлийн төрөх газрууд ачааллаа дийлэхээ болилоо. Тиймээс шинэ амаржих газар байгуулах хэрэгтэй байна. Хэмээн жилийн өмнөөс ярьсаар IV амаржих газрыг цаасан дээр буулгаад авсан. Гэвч эрүүл мэндийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалт болон орж ирэх байсан 32 тэрбум төгрөгийн асуудал энэ оны төсөвт ороогүй. Тиймээс Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа гэх энэ амаржих газрын асуудал хэзээ шийдэгдэх нь "оньсого" болжээ. Гэвч энэ талаар зарим хүмүүс шинэ амаржих газрын шавийг аль хэдийнэ тавьсан мэтээр ярьж байгаа билээ. Мэдээж булавч бултайна, даравч далдайна" гэгчээр цаасан дээр буусан зураг газар дээр нь байхгүйгээс хойш үнэн худлыг ард түмэн ялгах биз ээ.

Нэг ээжийг эх барихад 400 мянган төгрөг шаардагддаг
Нийслэлийн хэмжээнд I, II, III амаржих газар, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Налайх дүүргийн амаржих газар эхчүүдийг амаржуулж байна. Тэдгээрт хаа газар байдаг хөрөнгө, санхүүгийн асуудал хамгийн их байдаг.

Учир нь дээрх амаржих газруудад улсын төсвөөс нэг эхийг амаржуулахад 10,000 төгрөг төсөвлөдөг гэнэ. Энэ нь зөвхөн эхэд зарцуулагдах мөнгө бөгөөд тухайн эх хоёр ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн тохиолдолд төсөв нь огт олгогдоогүй гэсэн үг аж.

Гэвч энэ тоо зөвхөн цаасан дээрээс харж төсөвлөгдсөн төсөв. Бодит байдал дээр нэг ээжийг эх барихад 400,000 төгрөг шаардагддаг гэнэ. Энэ үзүүлэлтийг үндэслэн нарийвчлан үзэхэд улсын төсвөөс зарцуулж буй мөнгөн дүн нь шаардлагатай төсвийн зөвхөн нэг хувийг л олгож байгаа аж.

Харин үлдсэн мөнгийг амаржих газрууд эмчлүүлэгчийн ар гэр болон бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг гэнэ. Өнгөрсөн жил ЭНЭШТ 8125 эхийг амаржуулжээ. Энэ нь нэг эмч дунджаар 165 хүүхэд эх барьсан гэсэн үг. Харин I амаржих газарт 9527 эх амаржин нэг эх баригч нь 397 ээжийг эх барьсан.

II амаржих газарт 4430 ээж төрснөөс нэг эх баригч 443 хүнийг амаржуулснаар улсдаа нэг эх баригчид ногдох эмчлүүлэгчдийн тоогоороо тэргүүлж байна. Харин III амаржих газарт 3540 хүн амаржиж, 295 хүнд нэг эх баригч үйлчилсэн байна. Мөн улсын эмнэлгүүдийн их ачааллаас хөнгөлөх эрхтэй ганцхан хувийн хэвшлийн эмнэлэг байдаг нь "Хатагтай". Энэ эмнэлэгт өнгөрсөн жил 300 эх амаржсан байна.

Тус эмнэлэгт өдөрт нэг эмэгтэй амарждаг. Хувийн хэвшлийн энэ эмнэлэгт амаржиж буй эхэд 11 эмч, сувилагч нэгэн зэрэг үйлчилдэг. Гэтэл улсын данстай төрөх газарт амаржиж буй 11 эхэд ганцхан эх баригч үйлчилж байна гэвэл хилсдэхгүй болжээ.

No comments:

Post a Comment