Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс Мэдрэл судлалын олон улсын сургалт семинарыг энэ сарын 4-6-нд нийслэл хотноо зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцохоор ХБНГУ-аас Ульм хотын Их сургуулийн Мэдрэлийн эмнэлгийн захирал, Европын мэдрэл судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Германы Булчин судлалын ба эпилептологийн төвийн дарга профессор доктор А.Лудольф, Халле хотын Их сургуулийн мэдрэлийн эмнэлгийн захирал, АУ-ы факультетийн декан, профессор, доктор Ш.Цийрц нарын нэртэй таван эрдэмтэн судлаач ирсэн байсан.
Семинарын үеэр профессор, доктор Ш.Цийрцийн "Харвалтын шинэ сониноос" Ахиц бий юу?", доктор А.Винтерийн "Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо. Тахир дутуугийн группт оруулах мэдрэлийн өвчний үнэлгээ", профессор, доктор Г.Чойжамцын "Vestibo''-ийн клиник, фармакологийн судалгааны зарим үр дүн, дэд профессор, анагаах ухааны доктор Л.Отгонбаярын "Vestibo" мэдрэлийн өвчний эмчилгээнд" сэдэвт илтгэлүүд эмч нарын сонирхлыг ихэд татаж байлаа.
Энэхүү сургалт семинарыг "Актавис"-ын Монгол дахь төлөөлөгчийн газар ивээн тэтгэсэн аж. "Актавис" нь дээд зэрэглэлийн эм үйлдвэрлэл, борлуулалт болон бүтээгдэхүүний онцгой чанараараа дэлхийд тэргүүлэгч байгууллага юм. Европ, АНУ болон Азид орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүдтэй "Актавис" эмийн компани нь олон төрлийн эм бэлдмэлийг шахмал, бүрмэл, тарилга, лаа, цацлага, нунтаг, уухаар шингэн болон өтгөрүүлсэн хэлбэрээр үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж.
Анх 2006 онд Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг Дэлхийн мэдрэлийн эмч нарын холбоотой хамтран "INFO-2006" олон улсын сургалт-семинарыг манай оронд зохион байгуулсан. Анхны сургалт семинарт дэлхийн долоон орны нэр цуутай эрдэмтэд болон хот, хөдөөгийн 160 гаруй мэдрэлийн эмч, багш эрдэмтэд оролцжээ. Удаах сургалт нь 2008 онд болсон.
Манай оронд сүүлийн жилүүдэд эмнэлгийн оношлогооны тоног төхөөрөмж сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжиж байгаа ч дэлхийн түвшинд хүрэх хараахан болоогүй байгаа билээ. Эмч нарын боловсролыг дээшлүүлэх, харилцаа холбоогоо сайжруулахад энэхүү сургалт семинар ач холбогдолтойд тооцогдож байна. Гадаадын эрдэмтэн багш нарын лекц зөвлөгөөг сонсч, туршлага солилцохоос гадна хамтран өвчтөн үзэж, мэтгэлцэх боломж олдож буйд ихээхэн талархаж байгаагаа семинарт оролцсон эмч нар ярьж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment