Wednesday, October 21, 2009

Нэрс хүний тархины эд эсийг хамгаалах чадвартай

Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тусаараа хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж.

Зэрлэг нэрс Хойд Америк, Европ, Азийн уулархаг, модтой нутгаар нэлээд тархан ургадаг бөгөөд Канад, АНУ-д сүүлийн хагас зуун жилд ихээхэн тарималжуулжээ.

Энэ жимс уугуул америкчуудын хүнсний үндсэн хэрэгцээ болж байсан. Тиймээс нэрсний фермерийн аж ахуйнууд олноороо өрсөлдөн, шинэ сорт хүртэл гаргаж авах болжээ. Европт зэрлэгээр ургадаг нэрс ховор ч маш ихээр тарималжуулсан аж. Австрали тивийнхэн таримал нэрсийг хүнсэндээ харьцангуйгаар хамгийн сүүлд хэрэглэдэг болсон.

Тэжээлийн агууламж:
Нэрсний бүтцэд флавнойд их хэмжээгээр байдаг. Хүний биед маш хэрэгтэй чухал бодис Антоционидин гэж антиоксидант хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Бодисын солилцооны явцад хүний биед буруу исэлдэлт үүсдэг. Эдгээр буруу исэлдэлт нь хүний бие организмд хортойгоор нөлөөлдөг бөгөөд эдгээрийг саармагжуулах үйлчилгээтэй бодисыг антиоксидант хэмээн нэрлэдэг. Биед үүссэн буруу исэлдэлтийг хэдийчинээ багасгаж чадна, төдий хэмжээгээр бие махбодио хорт бодисоос хамгаалж, эрүүл чийрэг байж чадна. Нэрсний өнгө гүн хар хөх туяатай байх тусмаа антиоксидант ихтэй байдаг.

Түүнчлэн витамин С-гээр маш баялаг бөгөөд ислэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.

100 гр буюу хагас аяга жаахан илүү хэмжээтэй нэрсний илчлэг 57-Ккал бөгөөд
0.7 гр - протен
0.3 гр - өөх тос
14.5 гр – нүүрс ус
2.4 гр - ислэг
9.гр - чихэр /фруктоз глюкоз/ агуулдаг юм.

Анагаах чанар:
Гол анагаагч нь антиоционидин хэмээх бодис юм. Үүнийг бас хамгийн өндөр үйлчилгээтэй антиоксидант ч гэдэг. Хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн жимснээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдгийг АНУ-ын Tufts University-ийн эрдэмтэд лабораторид нарийн судалгаагаар тогтоожээ. Мөн алцгеймерийн /Alzheimer's/ буюу оюун ухаан самуурах өвчний болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталжээ. Эрдэмтдийн туршилтаар бүтэн сарын туршид өдөрт нэг аяга орчим нэрс идүүлж байсан хархны тархины эсийн үйл ажиллагаа нь огт нэрс хэрэглээгүй хархныхаас хол давуу байгааг тогтоожээ.

Одоогийн байдлаар нэрсийг нүдний хараа хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд хэрэглэж байна.

Тэрчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед Английн Хатан хааны цэргийн нисэх хүчнийхэн шөнийн нислэгт явах нисгэгч нартаа нэрс өгдөг байсан гэх сонирхолтой түүх байдаг. Чихрийн шижин өвчинтэй холбоотойгоор хараа муудах, судас бүдүүрэх, шулуун гэдэсний цус алдалт, бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчин эмгэгийг анагаахад тустайг шинжлэх ухааны судалгаа нотолсоор байна. Европын зарим орны ардын эмнэлэгт шингэн алдаж суулгах болон өтгөн хатах эмгэгийг анагаахын аль алинд хэрэглэдгийг дурдсан байдаг. Учир нь нэрсний найрлагад анагаах чанартай ислэг, шингэн алдалтыг зогсоох чанартай бодис агуулагддагтай холбоотой аж. Эртний Аюурведийн анагаах ухааны толь бичигт элэгний тамир сайжруулах, цус төлжүүлэх, шөнийн цагт ихээр шээх, амьтанд хазуулсан шарх хурдан эдгээхэд хэрэглэдэг. Мөн бэлгийн чадвар сайжруулдаг хэмээн бичсэн байдаг.

Түүнчлэн нэрс нь шээс, бэлгийн замын халдварыг анагаах чадвартай. Давсаг, шээсний сүвийн үрэвсэлт өвчнүүд, гэдэсний савханцрын халдвар зэргийг анагаах үйлчилгээтэйг шинжлэх ухаан баталжээ.

Хэрэглээ:
Манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар элбэг ургадаг. Нэрсийг хадгалах хамгийн сайн арга бол шинээр нь хөлдөөх. Хөлдүү нэрсийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж болно. Мөн чанамал хийж хадгалхад чанараа алддаггүй сайн талтай.

Нэрстэй жимсний зутан
Жимсний зутанг бэлтгэхдээ нэг аяга тараганд хоёр ширхэг гадил, хоёр ширхэг алим, хагас аяга нэрс хийж, гурван аяга ус, эсвэл алимны шүүстэй холиод жимс нухагчид хийж хутгана. Ингэж бэлтгэсэн зутан дөрвөн хүний хэрэглээ болох бөгөөд дээр нь 4-5 ширхэг мөс, 1 -2 халбага бурам, элсэн чихэр нэмж болно.
• Нэг аяга шинэхэн тараганд 2-3 амны халбага нэрс хутгаад хэрэглэх.
• Хөлдүү нэрснээс 3-4 амны халбагыг өглөөний цайндаа хэрэглэх.
• Өдөрт 1-2 халбага нэрсний чанамалыг буцалсан бүлээн усанд хийж уух зэргээр энэ жимсийг өдөр тутам хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай.

No comments:

Post a Comment